Татварын хяналт шалгалтанд хамрагдах татвар төлөгчдөд өгөх зөвлөмж

0
274

Татварын хяналт шалгалтанд хамрагдах татвар төлөгчдөд өгөх зөвлөмж

 1.Татварын хяналт шалгалтын зорилго

Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба,  татварын улсын байцаагч хянан шалгана. Цаашид татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээллээр хангах, үүсч болох татварын эрсдэлээс татвар төлөгчдийг хамгаалахад татварын хяналт шалгалтын зорилго оршино. Татварын алба нь татварын эрсдэлийн үнэлгээнд суурилсан татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр ТЕХ-ийн хуулийн 11.1-д заасан татварын хөөн хэлэлцэх хугацааг хамруулан гүйцэтгэнэ.

2.Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрхэн явуулдаг вэ ?

Танд татварын хяналт шалгалт хийх талаар татварын албаны мэдэгдэл хүргүүлэх, утсаар болон цахим хэлбэрээр урьдчилан мэдэгдэнэ. Татварын ерөнхий хуулийн 47.5-т заасны дагуу “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.”Зөрчлийн тухай хуулийн8.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд: 8.2-т заасны дагуу “Татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх; татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн бол татварыг нөхөн төлүүлж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.

Татвар төлөгч та шалгалтанд хамрагдах тухай татварын албаны мэдэгдэл аваад холбогдох баримт материал, тайлан тэнцлээ бэлдэж, Татварын улсын байцаагчдыг  ажиллах боломж нөхцлөөр хангах үүрэгтэй.

Та томилолтонд заасан хугацаанд шалгуулах ёстой. Хэрэв танд ямар нэг хүндэтгэн үзэх      шалтгаан гарч шалгалтыг хойшлуулах шаардлага гарсан бол энэ тухайгаа албан бичгээр татварын албанд мэдэгдэнэ.

Таны тайланд байгаа мэдээллийг санхүүгийн баримт материалын хүрээнд шалгахаас     гадна танай үйл ажиллагаатай холбоотой  бусад эх үүсвэрээс авсан мэдээллүүдтэй  тулган шалгана.

  1. Ярилцлага хийх, мэдээлэл авах

Татварын улсын байцаагч шалгалтын явцад тантай болон таны төлөөллийн ажилтнуудтай шалгалттай холбоотой бүхий л асуудлын талаар хэдэн ч удаа ярилцлага хийж мэдээлэл авч болно.Уулзалтын үед та өөрийн мэргэжлийн нягтлан бодогч, өмгөөлөгчөө байлцуулах хүсэлт тавьж болно.

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4.-т ”Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй.”

Татварын улсын байцаагч таны татварын тайлан дахь бичилтүүдтэй холбоотой баримт бичиг, холбогдох бусад материалыг гаргаж өгөхийг шаардсан тухай бүрд нь мэдээллүүдийг түргэн шуурхай гаргаж өгөх үүрэгтэй. Та өөрийн бизнесийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлуудыг Татварын улсын байцаагчид тодорхой хэлж өгвөл таны ч, татварын албаны ч  цаг хугацаа, зардлыг хэмнэх болно.

Таны өгсөн мэдээлэл үнэн зөв байх ёстой. Та буруу мэдээлэл өгвөл энэ нь хууль зөрчиж байгаа тул хариуцлага хүлээх болно.

  1. Хяналт шалгалтаар та зөрчилгүй бол

Хэрэв хяналт шалгалтаар татварын хууль тогтоомжийг сайтар биелүүлсэн ямар нэг зөрчил илрээгүй бол энэ тухай танд мэдэгдэж, илтгэх хуудас бичин таниар гарын үсэг зуруулж  шалгалтаа дуусгана.

  1.  Ямар нэг зөрчил илрүүлбэл

Хэрэв хяналт шалгалтаар зөрчил илэрсэн бол Татварын улсын байцаагч нь зөрчлийн утга агуулга, тоо хэмжээ зөрчил гарах болсон шалтгааныг  нэг бүрчлэн танд тайлбарлаж өгөх болно. Зөрчил гаргасан үйлдэл, хэмжээнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, татварын улсын байцаагчийн акт үйлдэнэ.

Татварын улсын байцаагч гаргасан акт, хавсралт тооцоо, тэмдэглэлээ танд танилцуулж таны зөвшөөрсөн эсэхийг тодруулан тайлбар авч гарын үсэг зуруулж, нэг хувийг танд гардуулна.  Татварын улсын байцаагчийн  акт нь танилцуулж, гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

  1. Таны эдлэх эрх, үүрэг ,тайлбар, гомдол гаргах

Татварын улсын байцаагч нь татвар төлөгч тантай Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу шударгаар харилцаж, таныг ямар үүрэг хариуцлага хүлээж, эрх эдлэхийг тайлбарлаж өгнө. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу та дараах эрх үүргийг эдэлнэ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл.

1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.

2.Холбогдогч дараахь эрхтэй:

2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;

2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;

2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;

2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

2.6.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;

2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах;

2.10.хуульд заасан бусад.

3.Холбогдогч дараахь үүрэгтэй:

3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;

3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;

3.4.оролцогчид нөлөөлөхгүй байх.

4.Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь  түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Хэрэв та Татварын улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй бол энэ тухай үндэслэл, тайлбараа гаргаж Маргаан таслах зөвлөлд танилцсанаас хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй. Маргаан таслах зөвлөл таны гомдлыг хүлээн авсан бол  зөвлөлийн хурлаар хэлэлцэн  шийдвэрлэнэ. Та Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны Маргаан таслах зөвлөл эсвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  1.                                         Татвар төлөгчтэй холбоотой нууцыгхадгалах

Татварын алба болонТатварын улсын байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний болон байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн нууцыг чанд хадгалах үүрэгтэй.

8.Татвар төлөгчид татварын эрсдэлд орохгүйн тулд юуг анхаарах вэ.

Татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэхгүй, татварын хууль тогтоомж зөрчих магадлалыг татварын эрсдэл гэнэ.

-Бизнесийн үйл ажиллагаанд оролцож буй хэн боловч үйл ажиллагааныхаа үр дүнд татварыг хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлж байх.

-Татвараа төлөхгүй байх, нуун дарагдуулах, төлбөл зохих татварынхаа дүнг бууруулах нь эрсдэл ихтэй болохыг анхаарах.

-Татварын болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ байнга дээшлүүлэх

-Татварын албанаас зохион байгуулж байгаа сургалтанд идэвхтэй оролцож байх

-Татварын талаар мэргэжлийн зөвөлгөөг авдаг байх нь зүйтэй.

– Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлж, татвар төлөх, тайлагнах хугацааг баримтлан ажиллах шаардлагатай.

– Татварын хуульд заасан эрх, үүргийн хүрээнд ажиллах ёстой.