2022 оны эхний хагас жилд: Хяналт шалгалтын ажлын талаар

0
271

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, шалгалтын ажлын талаар

2022 оны эхний хагас жилд шинээр хүлээн авсан 208, өмнөх оны үлдэгдэл 57, нийт 265 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгахаас 244-г хянан шийдвэрлэж, 21 мэдүүлэг ажиллагаанд байна.

Нийт шалгасан мэдүүлгийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 140 нэгжээр  буюу 1.1 дахин, хянан шийдвэрлэсэн мэдүүлэг 120 нэгжээр буюу 50.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дах Гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газрын удирдах албан тушаалтнууд, нийт 152 мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгт хяналт шалгалт хийлээ.

Тайлант хугацаанд шалгасан нийт мэдүүлгийн 188 буюу 77.0 хувийг төлөвлөгөөт хяналт шалгалтаар, 8 буюу 3.2 хувийг иргэний гомдол, мэдээллээр, 48 буюу 19.6 хувийг бусад хэлтэс, албадаас шилжүүлснээр хянан шалгасан байна.

Тайлант хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтаар шалгасан мэдүүлгийн тоо өмнөх оны мөн үеэс 188 нэгжээр, гомдол мэдээллээр шалгасан мэдүүлгийн тоо 2 нэгжээр, бусад хэлтэс албадаас шалгуулахаар шилжүүлсэн мэдүүлгийн тоо 30 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хяналт шалгалтаар нийт 61 албан тушаалтанд, үүнээс Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д зааснаар 8 мэдүүлэг гаргагчид сануулах, мөн зүйлийн 13.8.2-т зааснаар 27 мэдүүлэг гаргагчид албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах,  13.8.3-т зааснаар 21 мэдүүлэг гаргагчид албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 13.8.4-т зааснаар 3 мэдүүлэг гаргагчид албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлээр 2 мэдүүлэг гаргагчид мөн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах хариуцлага тооцох үндэслэл тогтоогдсон байна.

Иймд хууль заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлснээр тайлант хугацаанд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК, “ТОСК” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Гаалийн ерөнхий газрын  42 мэдүүлэг гаргагчид холбогдох хариуцлагыг тооцсон тухай хариуг хүлээн аваад байна.

Хяналт шалгалтаар 15 мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах явцад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл, мэдээллийг шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах  хэлтэст шилжүүллээ.

Гомдол, мэдээллийн хяналт шалгалтын ажлын талаар

2022 оны эхний хагас жилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 319 /өмнөх оны үлдэгдэл 39/, нийт 358 гомдол, мэдээллийг хянан шалгахаас тайлант хугацаанд 314 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд одоо 44 гомдол, мэдээлэл ажиллагаанд байна. Шийдвэрлэлт 87.7 хувьтай байна.

Хянан шалгасан гомдол, мэдээллээс 88 албан тушаалтанд холбогдох зөрчил тогтоогдож, үүнээс 22 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, хуульд заасан үндэслэлээр буцаасан 10, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн эрх бүхий хэлтэст шилжүүлсэн 36, бусад байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн 39, гомдлоо буцаасан 5, зөрчил илрээгүй 123, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан 1, бусад 12 байна.

Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар нийт гомдол гаргагчдын 64.0 хувьд албан бичгээр, 36.0 хувьд нь амаар /утсаар цахим шуудангаар/ хариу өгчээ.

Тайлант хугацаанд хүлээж авсан нийт гомдол, мэдээллийн 172 буюу 48.0 хувийг Улаанбаатар хотоос, 186 буюу 52.0 хувийг орон нутгаас ирүүлсэн байна. Тоон үзүүлэлт, мэдээллээс харахад аймгуудаас Баян-Өлгий аймгаас 40 буюу 11.2 хувь, Говь-Алтай аймгаас 15 буюу 4.2 хувь, Архангай аймгаас 19 буюу 5.31 хувь, Хөвсгөл аймгаас тус бүр 17 буюу 4.8 хувийг эзэлж байгаа нь бусад аймгаас өндөр үзүүлэлттэй байна. Иймд Баян-Өлгий аймагт гарч байгаа нийтлэг зөрчил, уг зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, удирдах албан тушаалтны ёс зүй, манлайлал, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед зэрэг аймгийн удирдлагуудтай уулзаж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж,  үйл ажиллагаандаа мөрдөх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх  талаар санал солилцож, энэ чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр газар дээр нь буюу Хөвсгөл, Говь-сүмбэр,  Дорноговь аймаг, Дорноговь аймгийн  Замын-Үүд суманд ажиллаж холбогдох арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлэв.

Шалган шийдвэрлэсэн гомдол, мэдээллийн агуулгын хувьд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн 16.0 хувийг, хууль бус шийдвэр гаргаж,  бусдад давуу байдал олгосон 20.5 хувийг, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр гаргасан 21.0 хувийг, хууль бус томилгоо хийсэн 29.5 хувийг, бусад 13.0 хувийг тус тус эзэлж байна. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон зөрчил 1.8 хувиар өсч, албаны эрх мэдлээ урвуулсан хэтрүүлсэн зөрчил 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гомдол, мэдээлэлд дурьдсан нөхцөл байдлыг хянан шалгаж, хууль зөрчсөн 22 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулан, ашиг сонирхлын зөрчил үүсэх эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөлийг үүсгэж байгаа талаар мэдэгдэж, анхааруулав.

Хяналт шалгалтын явцад хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг давтан гаргахгүй байх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Соёлын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Баянгол, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс  аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 66  байгууллага албан тушаалтанд ажлын чиглэл, зөвлөмжийг хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянасан талаар:

Тайлант хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8046 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 7938 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн,  108 мэдүүлэг хянагдаж байна.

2022 оны эхний хагас жилд хүлээн авсан ХАСУМ-ийн тоо 2021 оны мөн үетэй харьцуулахад 1516 нэгжээр буюу 23.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт хүлээн авсан 8046 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн 7128 буюу 88.6 хувийг цахим системээр,  918 буюу 11.4 хувийг хэвлэмэл хэлбэрээр хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.