Монгол төрийн санг бүрдүүлэгч Татвар төлөгч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Эрхэм татвар төлөгч танд жил бүр уламжлал болгон тэмдэглэгдэн өнгөрүүлдэг 18 дахь удаагийн “Татвар төлөгчдийн өдөр”-үүдийн мэндийг хүргэж, туурга тусгаар улсынхаа бүрэн эрхийн баталгаа болсон төрийн сан хөмрөгийг бүрдүүлэх үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
2016 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн 8,2 тэрбум төгрөгийн татварын орлого бол та бүхний үнэтэй цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, дуслуулсан хөлс, гаргасан тэвчээрээр Монгол улсынхаа хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, бахархалтай үйл хэрэг юм. Монгол улсын Засгийн газар татварын хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, татварын тэгш, шударга зарчмыг хангуулах, шударга бизнест ээлтэй татварын орчинг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллах зорилт тавьсан билээ. Монголын Үндэсний татварын алба цаашид шинэ дэвшилтэд технологид суурилсан дэлхийн жишигт нийцсэн, татварын орчинг шинэ түвшинд гаргахад татвар төлөгч, мянга мянга иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхний дэмжлэг оролцоо чухал юм.
Татвар төлөгч та бүхэнд Татварын байгууллагын нийт хамт олноос ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол төрийн сан улам арвижих болтугай.
ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН БҮТЭЭГЧ
ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА